Тайвань, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тухай тойм мэдээлэл
2021 оны 12-р сарын 23-ны өдөр
Тайвань тэртээх 2002 онд Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрыг МУ-д байгуулсанаас хойш өнгөрсөн 18 жилийн туршид Тайвань, Монгол хоёр орны ард иргэд хоорондын харилцан ойлголцол улам бүр гүнзгийрч, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа илүү өргөн цар хүрээг хамран өргөжин хөгжиж, илүү ойр дотно, нягт холбоотой болж байна. Тайвань, Монгол хоёр орон нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, ардчилал, эрх чөлөө, энх тайвныг эрхэмлэн дээлдэг орнууд билээ. Талууд хэдийгээр албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй ч энэ нь хоёр орны ард иргэд, нийгмийн бүхий л салбарын төлөөллүүд ажил хэрэгч, харилцан хөнгөлөлттэй, бүтээлчээр хамтран ажиллахад саад тотгор учруулахгүй байгаа билээ. Сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаа ба хамтын ажиллагааны хүрээнд гарсан бодит үр дүн, тайлан мэдээллийг дор дурьдаж байна.
Нэг. Эрүүл мэндийн салбар
1/ Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар: Тайвань 2003 оноос эхлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамруулсаар ирсэн бөгөөд 2021 оны сүүлийн байдлаар Монгол орны 1,000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнг урт болон богино хугацааны сургалтанд хамруулсан байна. Тухайлбал Тайваний Их Сургуулийн эмнэлэг өнгөрсөн 10 жилийн хугацаанд улсын 6 эмнэлэгтэй хамтран “Hope” төслийг хэрэгжүүлж, үргүйдэл, зүрх судасны өвчин, хавдар зэрэг зонхилон тохиолддог өвчний эмчилгээ оношилгооны чадавхийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажилласан. Тайваний Чан Гэн эмнэлэг, Нордхоффын сан зэрэг байгууллага нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллаж 2010 оноос эхлэн уруул тагнайн сэтэрхий нөхөх эмчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлж Монгол орны уруул тагнайн сэтэрхий нөхөх эмчилгээний багийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсэн.
2/ Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл хандивласан тухай: МУ-ын бүх шатны эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүднээс Тайвань нь сүүлийн арав гаруй жилийн турш олон тооны эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсын томоохон эмнэлгүүд болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд хандивлаж байсан. Тухайлбал сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсад суугаа Тайваний төлөөлөгчийн газар нь Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Хэнтий, Увс, Хөвсгөл, Дархан, Орхон, Ховд зэрэг аймгууд болон Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв зэрэг томоохон эмнэлгүүдэд нийт 300 ширхэг эмнэлгийн ор хандивласан. Нийт 6ш шинэ диализийн аппаратыг дагалдах хэрэгслийн хамт Увс, Ховд, Завхан зэрэг алслагдсан баруун бүсийн 3 аймагт тус бүр 2ш хандивласан. Мөн түүнчлэн өмнө нь ашиглагдаж байсан диализийн аппарат, мэдээгүйжүүлэлтийн аппарат, цусны даралт хэмжигч, автоклав, мэс заслын ор, төрөхийн ор зэргийг Өмнөговь, Увс, Улсын гуравдугаар төв эмнэлэг зэрэг эмнэлгүүдэд хандивлаж байсан ба 2019 онд УНТЭ, УХТЭ, УГТЭ-т олон тооны мэс заслын багаж хэрэгсэл хандивласан.
3/ Эмнэлгийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийсэн явдал: Тайваний Эрүүл мэндийн яамны харьяа Тайпэй хотын эмнэлэг, Жанжи эмнэлэг, Тай Ань эмнэлэг, Чан Гэн эмнэлэг, Сю Чуан эмнэлэг, Фү Жи сан, Нордхоффын сан, Тайваний Олон улсын ротари клуб, Ци Жи сан, Лу Жу Хүй нийгэмлэг ба бусад эмнэлгийн байгууллагууд, сайн санааны байгууллага, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн эмч нарын холбоод, БНХУ-ын Шүдний эмч нарын холбоо зэрэг байгууллагуудаас илгээсэн эмч нарын баг сүүлийн жилүүдэд Монгол Улсад үнэ төлбөргүй үзлэг оношилгоо үзүүлсээр ирсэн. Тухайлбал 2017, 2018 онуудад Тайвань эмч нарын баг жилд дунджаар 7,000 гаруй Монгол иргэдэд эмнэлгийн үзлэг оношилгооны үйлчилгээ үзүүлсэн байна.
Хоёр. Бага орлоготой өрхүүд ба нийгмийн халамжийн үйлчилгээ:
1/Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сан: Тус сан нь 2004 онд Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба Монгол улсын амьжиргааны түвшин доогуур айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлсээр ирсэн ба бага орлоготой айл өрхүүдэд мөнгөн болон эд материалын бодит тусламж үзүүлэхээс гадна тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх үүднээс өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь туслах чадвар олгох төрөл бүрийн сургалт явуулах, шилдэг оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох зэрэг үйл ажиллагааг тогтмол явуулсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл 21,000 орчим бага орлоготой айл өрхийн хүүхдэд тусламж үзүүлсэн ба сар бүр тогтмол амжиргааны мөнгөн тусламж өгөхийн сацуу оюутнуудад тэтгэлэг/тэтгэмж олгож тэдний ирээдүй боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Тус сан нь өөрийн "гэр хотхон" болон бусад тусламж нэн шаардлагатай байгаа газруудад ундны усны чанарыг сайжруулах зорилгоор худаг барьж байгуулах төсөл хэрэгжүүлдэг бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 29 гаруй худаг барьж байгуулжээ.
2/Тайваниас МУ-д суугаа төлөөлөгчийн газар /2016-2018/:
Тус төлөөлөгчийн газар нь 2002 онд байгуулагдсанаас хойш Монгол Улсын нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийг идэвхтэй үзүүлж ирсэн бөгөөд сүүлийн гурван жилд хийсэн ажлуудыг жишээ болгон дурьдаж байна.
- Монголын хараагүйчүүдийн нэгдсэн холбоо (MNFB)-нд баррель үсгийн хэвлэгч төхөөрөмж хандивласан.
- Улаанбаатар хотын тусгай хэрэгцээт боловсрол олгох 116 сургуулийн лингафоны танхимд шаардлагатай төхөөрөмжийг хандивласан.
- Монголын үндэсний музейд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан явган хүний зам, бие засах газар засаж тохижуулахад дэмжлэг үзүүлсэн.
- Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн гэр хотхон дахь айл өрхүүд, Өвөрхангай аймаг, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн гэр цэцэрлэгүүдэд түлэгдэлтээс хамгаалах хэрэгсэл хандивласан.
- Монгол улсын холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран Завхан, Архангай, Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгийн сумдуудад сувилагчийн пост байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
3/Пү Сиэнь боловсролын сан: Тус сан нь 2017 оноос 2021 он хүртэлх гурван жилийн хугацаанд нийт 1,000 тэргэнцэрийг Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлэй хүний хөгжлийн ерөнхий газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Хөвсгөл, Дархан, Орхон аймагт хандивласан болно.
Гурав. Боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа:
1/Тайваний Боловсролын Яамны тэтгэлэгт хөтөлбөр:
Тайваний засгийн газраас жил бүр 10 гаруй оюутанд тэтгэлэг олгодог ба төрийн албан хаагч болон оюутан залуус нийт 10 гаруй хүнд Тайваньд Хятад хэл сурах хэлний бэлтгэлийн тэтгэлэг олгодог. Үүнээс гадна 10 гаруй мэргэжлээр богино хугацааны сургалт семинар зохион байгуулж, холбогдох төрийн байгууллагуудын албан хаагчдыг Тайваньд сургаж, бусад орны сургалтанд оролцогч нартай туршлага солилцох боломж олгодог.
2/Улсын болон хувийн их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр:
Тайванийн Боловсролын яам нь 2007 онд Улаанбаатар хотод Тайваний боловсролын төвийг байгуулж, хоёр талын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх болсон. 2008 оноос тус байгууллага “Тайваний боловсролын үзэсгэлэн”-г зохион байгуулах болсон бөгөөд Тайваний улсын болон хувийн сургуулиуд уг үзэсгэлэнд оролцож сургуулийн зүгээс олгох боломжтой тэтгэлгийг залууст санал болгох болгож жилд дунджаар 500 гаруй Монгол оюутан залуус тэтгэлэгт хамрагдаж байна. Тайваний боловсролын төв нь жил бүр Тайваниас Хятад хэлний багш урьж дотоодын томоохон их дээд сургуулиуд эсвэл гадаад хэлний сургалтын байгууллагуудад хятад хэл заадаг бөгөөд Тайваниас ирсэн багш нар уламжлалт ханз заадаг тул сүүлийн үед Монгол Улсад уламжлалт ханзаар хятад хэл сурах үзэгдэл улам бүр түгээмэл болж байна.
Дөрөв. Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагаа:
Тайваний Шинжлэх, ухаан технологийн яам болон МУ-ын БСШУСЯ-ны харьяа Шинжлэх ухаан технологийн сан нь 2007 онд Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, жил бүр хоёр талуудын эрдэмтэн судлаачид хамтран төсөл хэрэгжүүлэх болсон ба өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд маш олон салбарыг хамарсан 30 гаруй төсөл, судалгааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Судалгааны ажлын сэдвүүдийн хамрах хүрээ нь малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, микробиологийн судалгаа, Хятадын уламжлалт анагаах ухаан болон Монголын уламжлалт анагаах ухааны харьцуулсан судалгаа, соёлын өв хамгаалалд технологийн дэвшилийг шинэлэг байдлаар ашиглах, зүрх судасны суулгац хийх зэргийг багтаасан болно.
Тав.Түүхийн судалгаа болон хамтын ажиллагаа:
1/МУ-ын Шинжлэх ухааны академи болон Тайваний Үндэсний Хааны ордон музей: Талууд 2017 оны 7-р сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд МУ-ын Шинжлэх ухааны академиас өөрсдийн судлаачдийг Тайваний Үндэсний Хааны ордон музейруу илгээж, Монголын түүхийн талаар судалгаа хийж, судалгааны үр дүнг каталоги болгон хэвлүүлэхээр төлөвлөж байна.
2/Монголын Үндэсний Төв номын сан болон Тайваний Төв номын сан:
Талууд 2006 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд 2019 онд Улаанбаатар хотноо Монголын эзэнт гүрний үеийн бичгийн дурсгалуудаар хамтарсан үзэсгэлэн гаргасан.
3/Монголын үндэсний музей болон Тайваний Үндэсний Хааны ордон музей: Талууд Монголын үндэсний музейд Тайваний Үндэсний Хааны ордон музейд хадгалагдаж буй Монголын түүхийн дурсгал олдворуудаар дижитал үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.
4/Буддын шашинтай холбоотой хамтарсан үзэсгэлэн:
Тайваний Үндэсний Хааны ордон музей, Тайваний Соёлын яамны харьяа Монгол Төвөдийн соёлын төв, Богд хааны ордон музей хамтран Тайваний Тайпэй хотноо буддын шашны дөрвөн их хутагт хувилгаан үзэсгэлэнг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ.
5/Тайваниас МУ-д суугаа төлөөлөгчийн газар болон МУ-ын Олон улсын харилцааны хүрээлэн: Тайваниас МУ-д суугаа төлөөлөгчийн газар нь 2017 онд “Хятадын 24 албан түүх” болон “Шинэ Юань улсын түүх”, “Хятадын ойрын үеийн түүх” зэрэг бүтээлүүдийг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд сан хөмрөг баяжуулах, судалгааны чадавхийг дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс хандивлаж байсан удаатай билээ.