“Халхын голын тэмдэглэл” шинэ бүтээл Монгол хэлээр хэвлэгдэн гарлаа.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Ван Кай-Ю нь 2025 оны 6-р сарын 26-ны өдөр Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулсан шинэ номын нээлтэд оролцож, Тайваний нэрт зохиолч Ху Мин Шяны “Халхын голын тэмдэглэл” бүтээлийн Монгол хэл дээрх хувилбар хэвлэгдсэнд баяр хүргэв. Монгол хэмээх энэхүү элс салхи нь тэнгэртэйгээ сүлэлдэн нийлсэн газар нутагт түүхийн урт гол тасралтгүй урсаж, хүний сэтгэл зүрхийг догдлуулам тоо томшгүй олон түүхэн үйл явдал ур мөрөө үлдээжээ.
Тайваний зохиолч Ху Мин Шян нь 2024 онд Монгол оронд хүрэлцэн ирж, Халх голын тулалдааны талбарт зочлох аялалдаа гарсан юм. Түүний аяллын гол зорилго нь нэгэн цагт дайны галд нэрвэгдсэн газар нутгийг өөрийн бие сэтгэлээр хүртэн мэдэрч, цаг хугацааны урсгалд үлдсэн түүхийн элч дулааныг мэдрэх байжээ. Энэхүү аян замын тэмдэглэлд зөвхөн аялал төдийгүй цаг хугацаа, орон зайг дамнасан харилцан яриаг тэмдэглэн үлдээсэн. Зохиогч зохиолоороо дамжуулан уншигчдыг түүх ба бодит байдлын зааг дээр хөтлөн авчирч, Тайваний зохиолч Монголын тал хээр нутагт түүхтэй хэрхэн мөр зэрэгцэн очиж, Монгол үндэстэн олон мянган жилийн турш бие даан оршин тогтносон нууцыг уншигчдад таниулахыг зорьжээ.
Энэхүү бүтээлд 1939 онд дэгдсэн Халх голын тулалдааны газарзүйн дүр зураг, түүхэн ач холбогдлыг дахин дүрслэн илэрхийлжээ. Хурдтай өөрчлөгдөж буй орчин үеийн нийгэмд түүхийг эргэн харж, түүний өнөөгийн ач холбогдлыг ойлгох нь мэргэн ухааны илрэл юм. Энэхүү бүтээл хэвлэгдэн гарсан явдал нь Тайвань Монголын хоёр талын найрсаг харилцааг гүнзгийрүүлэх чухал гүүр болно гэдэгт итгэлтэй байна. “Халхын голын тэмдэглэл” бүтээл нь түүх бол зөвхөн өнгөрсөн үйл явдал төдийхөн бус гэдэгт итгэдэг бүх хүмүүсийн хүртээлд зориулагджээ.